Төгсөлтийн баярын зардлаа хэмнэж, эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлалаа.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт 7.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт жил бүр 4 мянга орчим хүүхэд эмчилгээ хийлгэдэг бөгөөд нэн хэрэгцээтэй, ханиад, хатгаа, саажилт болон идээт өвчин, үрэвслүүдийн үед хэрэглэгддэг шарлагын аппарат болох УВЧ30 хоёр ширхэг, УВЧ80 нэг ширхэгийг тус тус хандивласан юм.
Өнгөрсөн жилээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч 120 оюутан төгсөлтийн баярын үргүй зардлыг хэмнэн ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн үнэ бүхий өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх “зүрхний дефибириллятор” төхөөрөмж хандивлаж төгсөлтийн баярын тогтсон хандлагыг эвдэх жишиг тогтоосон билээ.