ЭХЭМҮТ-ийн оношилгоо - эмчилгээний тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл, 2016 он
НЭГ. ЭХЭМҮТ-ИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эдүгээ 90 гаруй жилийн түүхтэй, Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг болох ЭХЭМҮТ нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх барих, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдийн анагаах, хүүхдийн мэс заслын чиглэлээр лавлагаа тусламж үзүүлэх; оношилгоо, эмчилгээний удирдамж, стандарт, арга зүйн зөвлөмж боловсруулах; эх, хүүхдийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах; эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тархалт, нас баралтын тандалтын тогтолцоог бүрдүүлэх; судалгаа шинжилгээний ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага болно.
ЭХЭМҮТ нь эрдэм шинжилгээний салбартай; 665 ор бүхий гуравдах шатлалын лавлагаа 2 эмнэлэгтэй (Хүүхдийн эмнэлэг; Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг); төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг; 2 зөвлөх поликлиник; өсвөр үеийн клиник, үргүйдэл - нөхөн үржихүйн төв; 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг - нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.
2015 онд ЭХЭМҮТ-д 39407 хүн хэвтэн эмчлүүлсэн ба нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 35.6 хувь нь орон нутгаас ирж үйлчлүүлжээ.
2015 онд ЭХЭМҮТ-д нийт 11020 эх амаржсан ба нийт төрөлтөнд орон нутгаас ирж үйлчлүүлэгсдийн эзлэх хувь 44.9 байна.
2015 онд ЭХЭМҮТ-ийн хэмжээгээр эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн нийт 11816 мэс заслын эмчилгээ хийгдсэн.
2015 онд ЭХЭМҮТ-ийн амбулаториор 177786 үзлэг хийгдсэн нь өнгөрсөн оны нийт үйлчлүүлэгсдээс 1.5%-иар буюу 2545 хүнээр өссөн, амбулаториор үйлчлүүлэгсдийн 27.0% (47923) нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна.
Дээр дурдсанчлан, ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр 3 дахь шатлалын лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага.
Нөгөө талаас улс орны өнцөг булан бүрээс өмчийн бүх хэвшлийн ба бүх шатлалын эмнэлгийн байгууллагаас хамгийн хүнд бөгөөд онош нь тодорхойгүй тохиолдлуудыг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.
Иймд төрөл бүрийн хүнд, хүндэрсэн, онош тодорхойгүй өвчин эмгэгүүдийн оношилгоо эмчилгээг дэлхийн жишигт нийцүүлэх, шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах, техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийх асуудлыг Монгол улсын засгийн газар, ЭМЯ анхаарлын төвдөө байлгаж ирсэн.
ЭХЭМҮТ-ийн оношилгоо – эмчилгээний чадавхийг сайжруулснаар эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах, МХЗ-ыг биелүүлэх ажилд ахиц дэвшил гарна гэж үзсээр ирснийг цохон тэмдэглэж байна.
ХОЁР. АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТАЛААР
Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл
Энэхүү төсөл дараах 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжив. Үүнд:
1. Эмч мэргэжилтнүүдийн сургалт (гадаад ба дотоод).
Эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, шинэ техник технологитой холбоотой гадаад сургалтанд тус төвийн 15 эмч мэргэжилтэн Австри улсад 1 – 3 сарын сургалтанд хамрагдаад байна. Яг одоо 8 эмч мэргэжилтэн суралцаж байна.
Дотоод сургалтыг ЭХЭМҮТ дээр зохион байгуулсан. Гадаадын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилчид, техник технологийг хэрэглэх эмч, мэргэжилтнүүдэд ажлын байран дээрх цуврал сургалтыг зохион байгуулж явуулсан.
2.Хэсэгчилсэн засвар.
Тоног төхөөрөмж суурилагдах зарим газарт засварын ажил хийж гүйцэтгэв. Тухайлбал, (1) эмгэг судлалын хөргөгч, хөлдөөгчийн хэсэг; (2) компьютерт томографийн өрөө; (3) суурин дижитал рентген аппаратын өрөө; (4) нярайн эмгэг судлалын тасгийн 2 блок зэрэг нийт 4 газарт иж бүрэн засвар хийж тохижуулсан.
3.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл.
Энэхүү төслийн хүрээнд 105 нэр төрлийн 297 (гэрээгээр 98 нэр төрлийн 293 байсан) ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэн, суурилагдаж, ашиглалтанд хүлээн авч байна.
Товч завсрын дүгнэлт:
• Ийнхүү тус төслөөр Европын холбооны улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, суурилагдсаныг ашиглалтанд хүлээн авч байна.
• Тус төслөөр нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжүүдийн дотор зөвхөн ЭХЭМҮТ-д төдийгүй Монгол улсын анагаахын салбарт урьд өмнө огт хэрэглэж ашиглаж байгаагүй шинэ тоног төхөөрөмжүүд, технологи их байна.
• ЭХЭМҮТ-ийн үүсч хөгжсөн 90 гаруй жилийн түүхэнд хамгийн орчин үеийн техник технологиор иж бүрэн хангагдлаа.
Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай дүрс ба лабораторийн оношилгооны багаж, тоног төхөөрөмж, технологиуд:
• Тус төв анх удаа Philips брэндийн 128 зүсэлт хийх хүчин чадалтай компьютерт томографийн аппараттай болов.
• Хагалгааны явцад шаардлагатай үед мөн түүнчлэн хэвтрийн хүнд өвчтөний онош тодруулах зорилгоор ашиглах Philips брэндийн зөөврийн дижитал рентген аппарат (C-Arm), шүдний дэлгэмэл рентген суурилагдав.
• Тус төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт анх удаа хамгийн сүүлийн загварын Philips брэндийн суурин дижитал рентген аппарат.
• Эх барих эмэгтэйчүүд ба хүүхдийн хэт авиан оношилгоо ба эмчилгээний аппаратууд, тархины цахилгаан бичлэгийн аппаратууд.
• Цусны биохими, иммунологи, шээсний автомат анализаторууд, цусны хийн бүтэц ба осмос чанарыг тодорхойлох аппарат, эсийн болон хөргөлттэй центрифуг.
Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд:
• Амин чухал эрхтнүүд, зүрх, уушгины үйл ажиллагааг хянах мониторууд.
• Drager брэндийн хүүхэд, нярай, том хүний амьсгалын аппаратууд.
• Мэдээгүйжүүлэг, унтуулгын аппаратууд (нас насанд тохирсон).
• Тасралтгүй бөөр орлуулах аппарат (CRRT) ба плазмаферезийн аппарат.
• Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн багаж хэрэгслүүд.
Мэс засал, төрөх өрөөний тоног төхөөрөмжүүд:
• Хамгийн тохь тухтай, 14 төрлийн байрлалд шилждэг төрөх ор.
• Олон үйлдэлт мэс заслын ор.
• Ургийн хяналтын мониторууд.
• Эмэгтэйчүүдийн лазер эмчилгээний аппаратын иж бүрдэл.
• Хагалгааны явцад гарч, алдагдаж байгаа цусыг шүүн цэвэрлэж тухайн өвчтөнд өөрт нь эргүүлэн сэлбэх Fresenius үйлдвэрийн автотрансфузийн систем нийлүүлэгдсэн нь Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч байгаа анхны тохиолдол болж байна. Энэ нь өвчтөний аюулгүй байдал, халдвараас хамгаалахад онцгой хувь нэмэр болно.
• Мэдээгүйжүүлэг, унтуулгын иж бүрдлүүд; дуслын болон унтуулгын бодисын автомат системүүд; эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн хэвлий, цээжний хөндий, бөөр шээсний замын дурангийн мэс заслын иж бүрдэл; хүүхдийн видео бронхоскопийн бүрдэл, өндөр хүчин чадлын цахилгаан мэс заслын аппарат.
Эх барих, эмэгтэйчүүд ба хүүхдийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээнд ашиглагддаг тоног төхөөрөмжүүд:
• Хүүхдийн нүдний мэс засал, чих хамар хоолойн мэс засал, ерөнхий мэс засал, бөөрний мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмжүүд.
• Сэргээн засах эмчилгээний аппарат хэрэгслүүд.
• Эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэс заслын багаж тоног төхөөрөмжүүд.
Эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн дамжлага, техник хэрэгслүүд:
• Ариутгал халдваргүйтгэлийн угаагч, хатаагч, автоклав; ус нэрэгч, шүүлтүүрийн дамжлага; ламинар урсгалтай биоаюулгүйн кабинет.
Эмгэг судлалын хөргөгч, хөлдөөгчний систем:
• Орчин үеийн мооргийн хөлдөөгч, хөргөгчний иж бүрдлийг суурилуулж, агааржуулалтын систем бүхий өрөө тасалгааг дэлхийн стандартын дагуу засварлаж тохижуулсан нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхных болж байна.
Онцлон тэмдэглэхэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох орчин үеийн инженерийн багаж хэрэгслүүд нийлүүлэгдсэн.