Баян-Өлгий аймагт "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалт боллоо.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг 6-р сарын 10-д Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.
Сургалтыг Баян-Өлгийн аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д.Кунай, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Т.Номиндэлгэр нар нээж, үг хэлэв. Сургалтанд Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч, эх баригч нарын төлөөлөл нийт 23 хүн оролцов.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулж, Улаанбаатар хотын ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны их эмч Т.Номиндэлгэр, эх барих эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Х.Өмиргүл нар тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийг программд оруулах дадлага хийлгэж, дагалдан сургалтыг зохион байгуулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлж, зөвлөгөө өгч хамтран ажилласан.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.