Өвөрхангай аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт боллоо
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа нар нээж үг хэлэв.
Уг сургалтад Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, өрх, сумын эрүүл мэндийн төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн статистикийн их, бага эмч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, нярайн эмч зэрэг нийт 30 хүн хамрагдав.
Сургалтыг УБ хотод Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтанд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын Статистик мэдээллийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, ЭХЭМҮТ-ийн Статистик мэдээлэл зүйн албаны операторч Ч.Эрдэнэчимэг нар явууллаа.
Сургалтын үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа хааж үг хэлэхдээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-жилийн ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн хамт олон бидэнтэй үргэлж хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрд албан ёсоор уламжлан, бидний хамтын ажиллагаа цаашид улам улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцлон дүгнэв.