Сэлэнгэ аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт боллоо
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Даваасүрэн, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа нар нээж үг хэлэв.
Уг сургалтад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгийн статистикийн их, бага эмч, эх баригч эмч зэрэг нийт 30 хүн хамрагдлаа.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцлон дүгнэв.