Дархан-Уул аймагт “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт боллоо
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг өчигдөр /2014.06.05/ Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Сургалтыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа нар нээж, үг хэлэв.
Сургалтад ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төвийн хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, чанарын менежер, статистикийн их, бага эмч нарын төлөөлөл зэрэг нийт 25 хүн оролцлоо.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн ач холбогдолтой сургалт болов.