“Эх, нярайн өвчлөл эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт Төв аймагт боллоо
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төв аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа. Сургалтыг Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, эдийн засаг, мэдээллийн хэлтэсийн дарга Ж.Алтанцэцэг нээж үг хэлэв.
Уг сургалтыг ЭХЭМҮТ-ийн ТСА-ны мэргэжилтэн Наранбаатар, аймгийн ЭМГ-ийн статистик мэдээллийн мэргэжилтэн Н.Мягмарсүрэн нар зохион байгуулсан бөгөөд ЭМГазрын эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, нөхөн үржихүй эрүүл мэндийн мэргэжилтэн, статистикч эмч нар мөн АНЭмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн их эмч нар, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн статистикч их, бага эмч нарын төлөөлөл нийт 31 хүн оролцлоо.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгалыг сайжруулах, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн, онол дадлага хосолсон ач холбогдолтой сургалт болов.